Г.АЛТАНЦЭЦЭГ

Монгол хэл бичиг-Уран зохиолын багш

Сакура сургуульдаа 7 дахь жилдээ ажиллаж байна. Би дүгнүүлэхийн тулд биш мэдэхийн тулд сурах, сургах зарчим баримталдаг. Энэ дагуу боловсруулсан “Мэдлэг бүтээх оролцооны арга” маань нийтийн хүртээл болж, Боловсролын технологийн санд тавигдсан. 2016 онд ЭЕШ-ийн үзүүлэлтээр (дундаж оноо 663) Сакура сургууль маань улсад II байрт орсон нь чамгүй амжилт гэж бодож байна. Цаашдаа бид эх хэлний сургалтаараа улсын хэмжээнд тогтмол өндөр амжилт үзүүлэх зорилготой. 40 гаруй жил багшлах хугацаанд олон дурсамж бий. Хичээлээ таслаад сургуульдаа ирдэггүй болчихсон нэгэн сурагчийг би зориг гаргаж ангидаа авч байв. Тэр сурагч маань одоо Япон улсад 100 хувийн төлбөрийн хөнгөлөлттэй, 1500 ам.долларын тэтгэлэгтэй “Хот төлөвлөлтийн инженер” мэргэжлээр суралцаж байна.

С. Отгонпүрэв

Математикийн багш

Сакура сургуульд 4 дэх жилдээ багшилж байна. Математикийн сургалтыг үр дүнтэй, чанартай явуулахын тулд онолын мэдлэгийг богино хугацаанд өмнөх мэдлэг дээр нь тулгуурлан, аль болох хялбар аргаар олгохыг хичээдэг. Үүний дараа хэрэглээний бодлого бодуулснаар сурагчид маань математикийн мэдлэгийг өөрийн болгон эзэмшдэг. Энэ арга маань үр дүнгээ өгч, 2016 оны төгсөгчид ЭЕШ-д 711 дундаж оноо авч, улсын хэмжээнд нэгдүгээр байрт орсон. Математикт дуртай, сэтгэн бодох хурдтай, ирээдүйн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх их үйлсэд гар бие оролцож байгаадаа ямагт бахархдаг.

А.ЦЭРЭНДОЛГОР

Англи, Япон хэлний багш

Сакура сургуульдаа 2009-2011 онуудад англи хэлний багшаар, 2016 оноос хойш англи- япон хэлний багшаар ажиллаж байна. Миний хувьд хамгийн түрүүнд сурагчдадаа үсгийг нь хурдан цээжлүүлээд галиглуулж уншуулж сургадаг. Үүнийхээ дараа өгүүлбэр өгүүлбэрээр нь цээжлүүлдэг. Цээжилсэн өгүүлбэрийг нь нэмээд л байна. Энэ маягаар хагас жилийн дараа гэхэд тухайн хүүхэд ямар ч түгдрэлгүй, маш цэвэрхэн ярьж чаддаг болдог. Бид жил болгон сурагчдаа “Ханзны наадам”, Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад бэлтгэн оруулдаг. Өмнөх жилүүдэд Ханзны наадамд 2-р байрт орж байсан бол 2017 онд явагдсан Ханзны наадамд ахлах ангийн баг маань 1-р байрт орж амжилтаа ахиулсан.

Д.ТҮВШИНЖАРГАЛ

Сакура сургуулийн багш

Сакура сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд бүр л өөр өөрийн гэсэн онцлогтой учраас тухайн өдрийн хичээл дээр ямар байх нь хамаагүй, хамгийн гол нь эргээд харахад бодитой үр дүн, ахиц гарсан байх нь нэн чухал. Шавь нарын хувьд байгаа түвшингээсээ илүү хичээж их бага хэмжээгээр түүнийгээ ахиулж чадвал хамгийн гол амжилт нь тэр юм. Тиймээс манай сурагчид дор бүрнээ амжилт гаргаж байгаа гэж би хувьдаа боддог. Дуу цөөтэй, бүрэг нэг нь бусадтай чөлөөтэй харилцах чадварт суралцаж, хүүхэд бүр нот уншиж, өөр өөрийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжмүүдийг тоглож байна. Энэ бол жинхэнэ амжилт.

Г.АМАРЗАЯА

Бага ангийн багш

Бага ангийн багшаар 9 дэх жилдээ, Сакура сургуульдаа 3 дахь жилдээ ажиллаж байна. Би уг нь монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй ч бага насны хүүхдүүдтэй ажиллах сонирхол маань давамгайлж бага боловсролын багшаар хөрвөн суралцсан. Бага ангийн хүүхдүүдэд хичээл заахдаа тоглоомын аргыг цаг үе, заах хичээлдээ тохируулан хэрэглэж, ТОГЛОНГОО СУРАЛЦАХ боломжийг нь нээж өгдөг. Хичээлдээ дур сонирхолтой байх нь цаашид амжилттай суралцах үндэс болдог. Манай сургуульд нэвтрүүлсэн Жобби, Классрүүм зэрэг цахим систем нь өдөр бүр шинийг суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг багш бидэнд олгодог юм.